УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өрийн босгыг 88 хувь болгох гэж байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1218

Сангийн яамнаас 2016 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Уг асуудлыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.

Төсвийн тодотголтой танилцсан АН-ын гишүүд дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэд зүгээр л дэмжихгүйдээ биш, дэмжиж болохгүй олон асуудал багтсан учраас эсрэг кноп дарж буйгаа илэрхийлсэн. Иймд АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос төсвийн тодотголыг ямар учраас дэмжихгүй байгааг тодрууллаа.

-Төсвийн тдотголтой санал нийлэхгүй байгаагаа чуулган дээр илэрхийлж байсан. Ямар учраас санал нийлэхгүй байна вэ?

-АН-ын бүлэг санал нийлэхгүй байгаа шалтгаан нь төсвийн тодотгол боловсруулахдаа нийгмийг хоёр хэсэгт хувааж нэг хэсэг нь баян, нөгөө нь ядуу байх бодлого оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргыг байхгүй болгох бодлого оруулж ирсэн. Гэтэл нийгмийг авч явдаг, урагш хөтөлдөг хэсэг нь дундаж давхаргын хүмүүс байдаг. Тэднийг дэмжиж байж илүү амжилтанд хүрнэ. Харамсалтай нь, та нар ядуу байх ёстой гэдэг бодлогоор төсвийн тодотголыг боловсруулсан байгаа юм. Хоёрдугаарт, төсвийн тодотголд 430 тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн. Орлого олох гэж ажиллаагүй. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх бодлого огт тусгагдаагүй.

-Татварын хэмжээг бууруулах бодлого барьж, мөнгөний эргэлтийг сайжруулснаар эдийн засгийн хямралаас гарна гэж хэлэх гээд байна уу?

-Дундаж давхаргынхан бол хувийн бизнестэй, тогтсон орлоготой, нэлээд хэдэн хүн ажлын байраар хангадаг. АН засаг барих хугацаанд /2012-2016/ жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ авч байсан. Гэтэл өнөөдөр татвараар боож, хаах бодлого барих гээд байна. Үүнээс л хоёр намын хөгжилд хандах хандлага ямар их ялгаатай байгааг харж болно.

-Тэтгэвэртэй холбоотой зарим асуудалд иргэд их бухимдалтай байна. Харин та юу ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэтгэвэртэй холбоотой багц асуудал ард иргэдэд сөрөг нөлөөтэй. Төрийн алба баталгаатай байх үндэс нь цалин, тэтгэвэр, тэтгэмж юм. Төрийн албанд тогтвортой ажилласан хүмүүс 12-36 сар хүртэл тэтгэмж авдаг. Үүнийг байхгүй болгох гээд байна. Насаараа багш хийсэн хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж аваад, шаардлагатай зүйлдээ зарцуулахаар төлөвлөж байж болно. Эдгээр хүмүүсийн бодол дээр ус цацаж байна гэсэн үг л дээ. Хоёрдугаарт, хамтын тэтгэврийг болиулж, тэтгэврийн насыг уртасгаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн бодлоготой холбоотой эерэг зүйлсийг цуцалж байгаа тул төсвийн тодотголыг дэмжихгүй. Энэ тодотголыг Засгийн газар буцаан татаж авах ёстой.

-Онцгой албан татварыг нэмэгдүүлэх, 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн орлогын албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголд тусгасан. Дээр нь НДШ-ийг нэмэгдүүлэх эсэхийг судлах ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болоод байна. Татвар нэмээд төсвийн ачааллаас хөнгөлөх болов уу?

-Монгол Улс “Дөрвөн 10”-ын татвар хэрэгжүүлдэг. Энэ нь Ази тив, олон улсын түвшинд хамгийн бага татварт тооцогддог. Татвар бага байснаар буцаад хөрөнгө оруулах боломж нээгддэг. Гэтэл 2,5 сая төгрөгийн орлоготой иргэдээс 25 хувийн татвар авах, НДШ-ийг 2,5 хувиар нэмэгдүүлэх асуудал яригдаж байна.Татвар нэмэх амархан, үр дүнг нь сайтар судлах хэрэгтэй.

-Тэгвэл татвар, тэтгэвэрт хүрэхгүйгээр эдийн засгийг сэргээх ямар арга байна вэ?

-Нэгдүгээрт, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж болно. Хоёрдугаарт, татвар нэмэгдүүлэх арга байдаг. Гуравдугаарт, олон улсаас зээл авч болно. Гэтэл эдгээр гурван аргыг бүгдийг нь хэрэгжүүлэх гээд Засгийн газар зүтгээд байна. “Стэнд бай” хөтөлбөр хүлээж авна гээд Олон улсын валютын сангийнхантай уулзаад зээл авахаа илэрхийлсэн. Төсвийн тодотголоор дамжуулаад баахан татвар нэмэгдүүлэх гэж байна. Үүн дээр нэмээд зээл авахын тулд өрийн босгыг нэмэгдүүлэх тухай ярилцаж байна.

-Өрийн босгыг хэд болгох гэж байгаа юм бэ?

-Одоо хэрэгжиж байгаа хуульд ДНБ- 58 хувьтай тэнцэх хэмжээнд зааж өгсөн байдаг. Гэтэл ДНБ-ний 88 хувь болгох гэж байна. Ингэснээр 4 тэрбум ам.долларын зээл авах боломж өөртөө нээж өгч байна гэсэн үг юм. Дээрх гурван аргыг гурвууланг нь хэрэгжүүлээд асар их мөнгө оруулж ирэх гэж байна. Энэ их мөнгөөр яг юу хийх гэж байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

-Танд баярлалаа.

Шинэ мэдээ