УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН хэт их ялалтдаа ташуурч болохгүй

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1270

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засаг бүрдэх үйл явцыг та хувь гишүүнийхээ үүднээс хэрхэн харж байна?

-Засаг бүрдэж байгаа процесс маш буруу явагдаж байна. Бид нам, намын даргын засаглалаас гарахгүй явсаар хэдэн жил болчихлоо. Намын дарга бүхнийг шийддэг, бүхний дээд талд байдаг тийм тогтолцоо үйлчилж байна. Уг нь бид намын даргаа өөрсдөө сонгож байгаа. Үүнийгээ мартчихаад байна. Нам сонгуулиар ялалт байгуулдаг, засагт гардаг. Дараа нь бүхнийг намын дарга дангаараа шийддэг байдалтай эвлэрчихээд байна. Үүнээс үүдэж, томилгоон дээр маш том алдаанууд гардаг, тэр томилгооноосоо болоод намын нэр хүнд унадаг. Ийм л байдалд өнөөдөр МАН хүрчихээд байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн хэр сайн сөрөг хүчин байж, хяналт тавьж чадахаар байна?

-2000 онд АН-аас хоёр, гуравхан хүн сөрөг хүчний үүргийг маш сайн гүйцэтгэж байсан нь бий. Засгийн газрын болохгүй үйл ажиллагааг цөөхөн гэлтгүй маш сайн шүүмжилж, болохгүй зүйлсийг нь хэлж ирсэн. Үүний үр дүнд 2004 онд сонгуульд АН-д ямар өөрчлөлт гарч, сонгуулийн үр дүн хэрхэн эргэснийг бид мэднэ. Тэгэхээр бидэнд асар их боломж байна. Ард түмэн юу хүсээд байгаа юм гэдгийг сайн мэдрэх хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааны болохгүй асуудлыг хэлж, засаж залруулахын төлөө тууштай явах юм бол сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлж чадна гэж харж байгаа. МАН өнөөдөр ялалтдаа хэт их ташуурч, хамаа бус томилгоо  хийж болохгүй. Энэ томилгоо ард иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Тийм ч учраас намайг чуулган дээр шүүмжилж хэлэхэд хүмүүст тэгж сайн хүрсэн. Үүн дээрээ МАН дүгнэлт хийгээд, цаашаа явах хэрэгтэй гэж би харж байгаа. Бид ч хяналтаа тавиад явна.

-АН-ын үед эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтууд, бодлогын чиглэлтэй ажлууд зогсох вий гэсэн айдас нийгэмд байна. Тухайлбал, ипотекийн зээлийг зогсоох асуудал сөхөгдлөө. Үүн дээр сөрөг хүчин хэрхэн ажиллаж болох бэ?

-Та ипотекийн зээлийг тухайлан асууж байна. Барилгын салбар Монголын эдийн засагт маш том байр суурь эзэлдэг. Төрийн бодлогоор бүтээн байгуулалтууд сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Энэ бүтээн байгуулалтуудын ард ажлын байр, хөрөнгө оруулалтын ажлууд юун дээр үндэслэж явж байна вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ипотекийн зээл дээр үндэслэж байгаа. Өөрөөр хэлбэл, худалдан авагч тал нь ипотекийн зээлээр байраа бага зардлаар авах боломж байна. Үүний үр дүнд эрэлт бий болж байна. Эрэлт дээр үндэслэж, барилгын салбарын үйлдвэрлэл хөгжиж, барилгын компаниуд бүтээн байгуулалтаа хийж байгаа. Ипотекийн зээлийг зогсоосноор эдийн засаг шууд хумигдана. Эдийн засаг нуран унах энэ аюулын эсрэг АН-ын бүлэг байр сууриа хатуу илэрхийлэх болно.

-Та тойрогтоо ажиллаад эхэлчихсэн үү?

-УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш би тойрогтоо нэг удаа ажиллаад ирсэн. Одоо дахин ажиллахаар явна. Манай тойрог дээр энэ онд төсөвт бүтээн байгуулалтын чиглэлтэй ажил суугаагүй. Тийм учраас эхний ээлжинд ард иргэдтэйгээ уулзаж, ирэх оны төсөвт суулгах зайлшгүй шаардлагатай ажлуудыг тусгуулах ажилд голлон анхаарах бодолтой байна.

-Төсөв батлах үеэр гишүүд өөрийн тойрог дээр мөнгө суулгах ажилд шамдана. Сөрөг хүчний есөн гишүүний хувьд энэ амаргүй даваа болов уу?

-Бидний ажил урд минь байгаа. Төсөв хэлэлцэх үеэр бид маш хүнд нөхцөл байдал дунд ажиллах нь тодорхой. Гэхдээ засгийн газар Монголын өнцөг бүрт байгаа ард иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Энэ утгаараа гишүүдийн намын харьяаллыг харгалзахгүйгээр орон нутагт хийгдэх шаардлагатай бүтээн байгуулалтын болон бусад зардлуудыг суулгаж өгнө гэдэгт найдаж байна. Үүний төлөө хичээн ажиллах болно.

-АН-ын ҮЗХ энэ долоо хоногт хуралдана. Нэгж гишүүний зүгээс намаа хэрхэн өөрчлөгдөөсэй гэж харж байна?

-Бид өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг гурван цаг дээр амьдардаг. Тийм учраас өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ардчилагчдын гавьяаг мартах учиргүй. Гэхдээ өнөөдөр бид АН-ыг шинэчлэх, шинэ өнгө төрхөөр нийгэмд гаргаж ирэх үйл явцыг зайлшгүй хийх цаг нь болсон. Энэ нь сая сонгуулийн үр дүнгээр харагдлаа. Тэгэхээр АН-ын энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаанаар бид намын даргаа сонгоно. Шинээр сонгогдсон намын дарга нь ирэх арван хоёрдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох намын Их хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг ахална. Намын дарга Их хурлаар баталгаажих АН-ын дүрмийг боловсронгуй болгох, сайн дүрэм боловсруулах ажлын хэсгийг байгуулах чиг үүрэг хүлээн ажиллах юм. Өөрөөр хэлбэл, одоо сонгогдох намын дарга Их хурал хүртэл ажиллах учиртай. Харин Их хурлаар АН-ыг тодорхой хугацаанд шинэ өнгө төрхтэй болгох тэр удирдагчаа сонгох нь зүйтэй болов уу гэж харж байгаа. Тэр удирдагч ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орох ёстой гэсэн байр суурьтай байна. Бид одоо шинэ боловсон хүчнүүдээ дэмжих цаг нь болсон.

-Нөгөө талаас АН-ын ирэх сонгуулийн хувь заяанд УИХ дахь есөн гишүүний үйл ажиллагаа ихээхэн нөлөөлнө?

-АН-ын есөн гишүүний үйл ажиллагаанаас намын өнгө төрхийг бүхлээр нь харах боломжгүй. АН асуудалд өөр өөр өнцгөөс ханддаг томоохон нам. Тиймээс ч намын ирээдүйн рейтинг УИХ дахь есөн гишүүнээс бүрэн хамаарахгүй. Ирээдүйд удирдах сайн хүнийг Их хурлаараа сонгосноор бид өөрчлөгдөж, шинэ өнгө төрхийг үүсгэж чадна. Ийм өөрчлөлтийг АН хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Шинэ мэдээ