УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

УИХ-ын гишүүн ​Б.Пүрэвдорж: Эрдэнэтийн 49 хувийг төр булааж авснаараа ардчиллын ололт, үнэт зүйл рүү нулимж орхилоо

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1339

-Ардчилсан намын ээлжит их хурал болж намын шинэ даргыг батламжиллаа. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-2016 оны бүх шатны сонгуулиар Ардчилсан намд ард түмэн дүнгээ тавьсан. Ямар дүн тавьсан бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.  Өнгөрсөн сонгуулиар ард түмэн АН-д яагаад санал өгч, итгэл үзүүлээгүй вэ. Хариулт нь маш тодорхой. АН засаглаж чадахгүй байна, лидерүүд нь хоорондоо толхилцож байна гэдэг  ойлголтыг нийгэмд өгсөн.  Үүнээс улбаалаад ард түмний зүгээс Та бүхэн эхлээд өөр хоорондынхоо эв нэгдлийг ханга, нам доторх шинэчлэлээ хий гэж бид бүхэнд сонгуулиар дүн тавьсан гэж ойлгож байгаа. Бид өнөөдөр анх удаагаа намын даргаа 100 гаруй мянган гишүүдийнхээ дундаас сонгож чадлаа.  Улмаар энэхүү сонголтын үр дүнд С.Эрдэнэ бүлгийн дарга маань намын дарга боллоо. Намын их хурлын тухайд  зорьсон зорилгоо хэрэгжүүлж амжилттай болсон гэж бодож байна.

-2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулахдаа АН мөн адил сунгааны зарчмаар тодруулна гэсэн мэдээлэл байна?

-Ирэх тавдугаар сарын хоёрноос зургааны өдрийн хооронд бид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ёстой. Сонгуулийн тухай хуульд зааснаар үүнийг намын их хурлаар шийднэ. Энэ дагуу Ардчилсан намын их хурал сая дурдсан хугацаанд хугацаанд хуралдах байх. Тэр хурлаараа бид өнөөдөр шийдэж амжаагүй үлдсэн зарим нэг асуудлаа шийдэх юм.

-Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлээс төр эзэмшилдээ авах шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа. Та энэ талаар УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Эрдэнэтийн 49 хувийг төр булааж авснаараа ардчиллын ололт, үнэт зүйл рүү нулимлаа. Ардчилсан нам анхнаасаа хувийн өмчийг дээдэлсэн нийгэм байгуулахыг зорилго тавьж гарч ирсэн улстөрийн хүчин. 1990 оны хувьсгал бол хүнийг хувийн өмчтэй болгох, эрх чөлөөгөө дагасан үзэл санаагаа илэрхийлэх тэр боломжийг олгохын төлөө л явсан. Үүндээ ч хүрсэн.  Энэ утгаараа хувийн өмчийг нийгэмчилж хураана гэдэг бол өнгөрсөн 20 гаруй жилийн ардчиллын ололтыг хойш татсан зүйл боллоо гэж ойлгож байгаа.

-Энэ шийдвэр гарснаараа цаашид эдийн засаг болон гадаад харилцаанд ямар сөрөг үр дагавар гарах бол. Та үүнийг хэрхэн харж байна. 

-Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан Монгол зэс компани бол улстөрд нилээдгүй нөлөөтэй байгууллага юм шиг байгаа юм. Миний харж байгаагаар.  Худалдаа хөгжлийн банк бол монголын гадаад болон дотоод худалдан авалтын гуравны хоёрыг  санхүүжүүлдэг томоохон байгууллага. Тэгэхээр ийм нөлөө бүхий байгууллагын худалдаж авсан өмчийг төр хурааж авснаараа төрийн зүгээс гадаад улсуудад  үл итгэлцэл үзүүлэх анхны тод дохиогоо өглөө. Гадаадын хөрөнгө оруулагчдын тухайд монгол улсад оруулсан аливаа хөрөнгө нь ямар нэгэн эрсдэлгүй байх ёстой. Гэтэл  Засгийн газар, УИХ нь дотоодын бизнесүүдийнхээ хөрөнгийг хурааж аваад байхад тэд яаж Монгол Улсад итгэх юм бэ. Харамсалтай нь ийм л ноцтой үр дагавар дагуулах шийдвэрийг МАН гаргалаа.  

Г.Сар

http://www.zuv.mn/page/newsmore/8867

 

Шинэ мэдээ