УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Оффшор бүсэд данс эзэмшигчдийн ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг нэрлэжээ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 5919

Зураг: УИХ-ын гишүүн  Д.Пүрэвдорж

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга  Д.Пүрэвдорж “Бид хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оффшор бүстэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.

Эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал хэцүү байна. Гадаадын хөрөнгө оруулалт их багаслаа. Иймээс эдийн засагт үүссэн хүндрэлийг шийдэхийн тулд ОУВС-тай хамтрахаас өөр аргагүйд хүрч байна. Үүний үндсэн шалтгаан нь төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжиж, тэр хөрөнгөө оффшор бүсийн банкинд хадгаламж болон дансанд байршуулсантай холбоотой.

Зарим төрийн бус байгууллагын мэдээллээр нийтдээ 15 орчим тэрбум ам.долларын хадгаламж оффшор бүсэд байна гэдэг. Тэгэхээр бид оффшор бүс дэх хадгаламжийн болон дансны мэдээллийг олон улсын хууль дүрэм, тогтоомжийн дагуу авах, түүнчлэн хэрвээ тэнд байршиж байгаа хөрөнгө нь хууль бус байх юм бол хэрхэн зохицуулах талаар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт чиглэл өгөх зорилгоор тогтоолын төсөл өргөн барьж байгаа” гэжээ.

Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл юм байна.

Намрын чуулганы хугацаанд ХЗДХЯ-наас өргөн барьсан оффшор бүстэй холбоотой хуулийн төслийг эрх баригчид батлахгүй “гацаасаар” байгаа билээ. Үүнийг оффшор бүсэд хөрөнгө хадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж АН-ынхан үзэж байгаа аж. Түүнчлэн Оффшор бүсэд данс, хадгаламж эзэмшдэг 40 гаруй хүний нэр байдаг. “Түүнээс АН-ын ганц, хоёр хүн бий. Харин МАН-д хамгийн олон оффшорчид байгаа. Өнөөдрийн УИХ-д МАН олонхи байна. Тиймээс ч нийгмийн сэтгэл зүй оффшорын эсрэг байхад хууль нь одоог хүртэл хэдэн сараар хэлэлцэгдээд батлагдахгүй байна. Энэ бол МАН-ын бүлэгт оффшорын эсрэг хуулийг гаргахгүй байхын төлөө ажилладаг бүлэг, сонирхол бүхий этгээд байна гэсэн үг” хэмээн Д.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийлжээ.

Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсаралтад оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байна. Тухайлбал,

1. “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүтэй ураг төрлийн холбоотой буюу ашиг сонирхол нэгтэй хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг нарын хүмүүсийг нэрлэжээ. Учир нь Ч.Ганзориг 100 сая ам.долларын баталгаан дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсан Т.Очирхүү нар нэрлэгджээ.

Учир нь 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарУБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн байна.

2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах бөгөөд нэг оффшор данстай. Тайлбар нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтайхолбоотой байж болзошгүй хууль бус орлого гэжээ.

3. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан Ч.Батзориг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах. Оффшорт долоон данстай бөгөөд хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 сая ам.доллартай холбогдож магадгүй гэжээ.

4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрбээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байж магадгүй аж. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.

5. 1999-2000 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх оффшорт нэг данстай.

6. “НИК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.

7. “НИК”, “Петровис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.

8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд оффшорт дөрвөн данстай. С.Баярын том охин Б.Нандин болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Дээрх бүгд хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

9. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тай холбоотой байж болзошгүй.

10. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.

11. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бус газрын наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн хавсаралтад тусгажээ.

Дээр нэр дурдсан хүмүүсийн оффшор дансыг шалгуулах нь зүйтэй хэмээн Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд үзжээ.

Ж.МАРАЛ

Шинэ мэдээ