УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: ИХ ХУРАЛ ХЭТЭРХИЙ АРГАЦААСАН БАЙДЛААР АЖИЛЛААД НАМРЫН ЧУУЛГАНЫГ ЗАВСАРЛУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1470

-Шинэ парламент бүрэлдээд чуулган завсарлаж байна. Шинэ гишүүдийн тухайд танилцах дадлага байдлаар өнгөрчихөв үү эсвэл ажил хэрэгч байдлаар дуусч байна уу?

 
Ер нь хэн ч УИХ-ын гишүүн болж төрдөггүй. Миний хувьд парламентын гишүүний ажилд томилогдсон нь шинэ алба. Энэ УИХ-д ч мөн шинэ гишүүн нэлээд бий. Тиймээс шинэ гишүүд харин ч ажил үүргээ богино хугацаанд хурдан дадаж суралцлаа гэж харж байна. Миний хувьд хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Хууль өргөн бариагүй. Шинэ гишүүн ямар нэг хууль өргөн барьж байгаа бол тэр нь хэн нэгний захиалгатай хууль байх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, хууль батлах процессоо мэдээгүй байж хууль өргөн барьсан бол тэнд хэн нэгний даалгавар, эрх ашиг хамт явж байна гэж харагдах нь ойлгомжтой. Гэхдээ би хуулийг хэрхэн яаж, ямар шат дараалалтай боловсруулж өргөн барьж, хэлэлцүүлээд баталдаг вэ гэдэг процессыг мэдлээ. Гурван хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан нь туршлага боллоо. Энэ их хурлын хувьд голцуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих хуулиудыг хэлэлцлээ. Ялангуяа нийгмийн даатгал, орон нутгийн сонгууль, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиудыг ярилаа. Эдийн засаг хүндэрсэн, ард түмний амьдрал  хүнд хэцүү байгаа энэ үед эдийн засгаа сайжруулах хуулиудыг дутмаг оруулж ирлээ. Хэтэрхий аргацаасан байдлаар ажиллаад намрын чуулганыг завсарлуулж байна.
 
- Та ямар гурван хуулийн төсөл дээр ажиллав. Та өмнө нь Гадаадын иргэн харьяатын газарт ажиллаж байсан. Энэ салбарын эрх зүйн хэм хэмжээнд өөрчлөлт оруулах чиглэлийн хуулиуд дээр анхаарлаа хандуулав уу?
 
Эрүүгийн тухай хуулийг хэлэлцэж байх үед Мөрөн даргатай нэг удаа ярилцсан. Миний хуучин ажиллаж байсан салбарт хуулийн шинэ өөрчлөлт, заалтууд зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа Монгол Улсад аялж зорчихтой холбоотой орчныг илүү нээлттэй, ардчилсан болгох шаардлагатай. Салбарын хуульд энэ талаас нь хандаж шинэчилсэн найруулга хийх шаардлага байгааг хэлсэн. Миний хувьд Өрсөлдөөний тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Улс төрийн тухай хуулиуд дээр ажиллаж байна.
 
- Чуулган завсарласан үед та тойрогтоо ажиллах байх. Ирэх дөрвөн жил мэдээж сөрөг хүчний дуу хоолой болохоос гадна ямар чиглэлд түлхүү анхаарах вэ?
 
Сая манай Ардчилсан намын даргын марафон явагдлаа. Бүлгийн дарга С.Эрдэнэ үнэмлэхүй ялалт байгууллаа. Үүний хажуугаар бид хэд хэдэн хуулийн төсөл дээр анхаарч ажиллаж байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль ба түүнийг тойрсон асуудалд үзэл бодлоо илэрхийлсний үр дүнд хэтэрхий нэг намын шугам руу хандсан байсныг болиулж чадлаа. Мэдээж сөрөг хүчин ард түмний дуу хоолойг эрх баригчдад хүргэх үүрэгтэй. Эрх баригчид хэтэрхий явцуу хүрээнд асуудлаа ярьдаг, шийддэг. Түүнийгээ хууль болгодог. Тиймээс сөрөг хүчнийхээ байр суурь дээр илүү төвлөрнө. Миний хувьд боловсролын салбарт илүүтэй анхаарна. Мэдлэг, оюунтай хүн Монголыг урагш нь авч явах ёстой. Бид зөвхөн уул уурхайн баялгаар амьдарч чадахгүй юм байна гэдгийг өнгөрөгч хугацаанд харлаа. Тэгэхээр мэдлэг, технологийн эрин зуунд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах шаардлагатай болж байна. Хүнээ боловсруулах ёстой. Европ, Азийн орнуудад бүгд мэдлэгээ баялаг болгосноор эдийн засгийн амжилтад хүрч байна. Өртөгөө 50 дахин нугалсан үнээр бид ч гэсэн мэдлэгээ зарах боломжтой.
 
- Казино байгуулах тухай хуулийн төслийн тухайд та юу хэлэх вэ?
 
Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед эдийн засгаа олон төрөлтэй болгох, орлогын олон төрөлт эх үүсвэртэй болох ажлыг яаралтай хийх ёстой. Мэдээж казино бол өндөр орлоготой учраас дэмжих нь зүйтэй. Гэхдээ нэг зүйлийг зайлшгүй анхаарах ёстой. Казиногийн дэд бүтцийг тойрсон  монгол хүний нийгмийн асуудлуудыг хуулиар маш сайн зохицуулах ёстой. Монгол хүн өөрийн орлого мөнгөөрөө казинод тоглоод дампуурах эрсдэлтэйг, биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээ гаарах вий зэрэг асуудлуудыг хуулиар ялгаж зааглаж тусгаж өгөх хэрэгтэй. Тэгж байж энэ хууль зөв хэрэгжинэ. Жишээ нь, Солонгос бол казиногийн төгс хуультай. Солонгосын дундаж орлоготой нэг ч иргэн казинод ордоггүй. Тэгэхээр казиногоос болж иргэд нь дамдуурах эрсдэлгүй болж байна. Тэгэхээр монголчуудыг оруулахгүй байх эсвэл хязгаарлахыг хуулийн заалтад тусгах хэрэгтэй. Хоёрдугаарт, казиногийн орлогоос тодорхой хэсгээр нь иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байхаар тусгавал зөв болно.
 
- 35 тэрбумаар казино байгуулах эрхийг олгоно гээд байгаа. Энэ их мөнгө үү, бага мөнгө үү?
 
Ер нь бол казиногийн бизнес эрхлэх байгууллагын тухайл энэ нь бага мөнгө.
 
ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

Шинэ мэдээ