УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Б.ПҮРЭВДОРЖ: БИ ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ЗҮТГЭДЭГ

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 3597

Та бүхэнтэй залуухан лидерийг уулзуулж байна. Тэр бол Бөхчулууны ПҮРЭВДОРЖ. Төрсөн нутаг Ховдоор нь овоглож, ам дамжин ярьсаар өдгөө түүнийг Ховдын Пүүжээ гэдэг нэрээр нь Монголын олон нийт андахгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Таныг Ховдын Пүүжээ гэдгээр олон нийт мэддэг. Ховдын Пүүжээ ямар гэр бүлд төрж өссөн бэ. Бага насаа хэрхэн өнгөрөөсөн тухай сайхан дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Миний аав, ээж хоёр хоёул багш. Аймгийнхаа олон суманд багшилсан. Социализмын үед адилхан мэргэжилтэй хүмүүсийг хамтад нь шилжүүлдэгбайсан юм. Байнга шилжин суурьшиж явдаг учраас би үргэлж шинэ орчинд очдог байлаа. Дунд сургуулиа Ховд аймгийн төв, Зэрэг, Мөст,Манхан сумгээд нийт дөрвөн сургууль дамжижтөгссөн. Шинэ газарт очих болгондоо шинэ найз нартай болж, шинэ асуудалтай нүүр тулгардаг. Тэр бүртээ янз бүрийн асуудлуудыг давж гарч ирж байсан. Түүнтэй холбоотой дурсамж их. Одоог хүртэл найзалдаг олон сайхан анд надад бий.

Миний аав бол сайн аавын жишиг. Надад ташуурын амт нэлээд үзүүлж байсан. Дэгтэй байх тал дээр намайг чиглүүлсэн гэж боддог. Харин миний ээж бол гайхамшиг. Насаараа монгол хэл, уран зохиолын багш байсан. Эх дэлхийн түүх болон Монголын гайхамшигт утга зохиол бол хувь хүн төлөвшихөд асар их нөлөөлдөг хичээлшүү дээ. Бага байхдаа би маш их ном уншдаг байсан. Зөвхөн зургадугаар ангидаа 170 орчим ном уншаад, түүгээрээ тэмдэглэл хөтөлж, Мөст сумынхаа хүүхдүүдээс нэгдүгээр байранд шалгарч байлаа. Намайг ном уншихад ээж минь их баярладаг байсан юм.

-Дөрвөн өөр газар сургуульд сурсан гэхээр нутаг усаа сайн мэддэг байх.

-Тиймээ. Бага залуу нас гэлтгүй би одоо ч Ховдын иргэн хэвээрээ л байгаа. Нутаг амьтай гэж хүмүүс ярьдаг. Жилд багаар бодоход 12 удаа нутагтаа очдог.

-Аав ээжээсээ ямар зан чанарыг өвлөж авсан гэж боддог вэ?

-Хэлсэн үгээрээ намайг сургаж, хийсэн үйлээрээ намайг үлгэрлэж аав ээж минь намайг хүн болгосон шүү дээ. Би хаана ч, хэний ч өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлчихдэг, хүнээс болгоомжилж, бэргэдэггүй зантай. Түүнийг ээжээсээ өвлөсөн гэж боддог юм. Харин тууштай зарчмыг ааваасаа суралцсан. Аливаад хариуцлагатай, шударга, хатуу байхыг аав минь надад үлгэрлэж өсгөсөн.

-Та бол Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, хожим Иргэний харьяалал шилжилт, хөдөлгөөний ерөнхий газар хэмээн нэрийдсэн байгууллагыг гурван жил тэргүүлсэн хүн. Энэ үед иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр Монголын олон даргын өмнө өндөр босго зоосон гэж энэ салбарынхан таныг тодотгодог. Монголын долоон иргэний хариуг долоон солонгосоос авсан, 6000 хятадыг Монголоос гаргасан гээд ам дамжин яригддаг зүйлс таны нэртэй холбогддог. Олон нийт таныг хувь хүн талаас чинь ажиглаж өөр өөрийнхөөрөө дүгнэдэг?

-Би нэг итгэл үнэмшлээрээ л байдаг. Нэг зүйлийг зөв гэж үзсэн бол тэр байр суурин дээрээ бат зогсдог. Нэг санаа бодол, тухайн үнэт зүйлийнхээ төлөө л тууштай зүтгэдэг хүн.

-Та ер нь улстөрч болох шийдвэрийг хэзээ, яаж гаргаж байв аа? Яагаад заавал улс төрийн замналыг сонгосон юм бэ?

-1992 оны сонгуулиар би Зэрэг сумандаа байж таарсан юм. Их сургуулийн дөнгөж хоёрдугаар курсийн оюутан сумандаа очоод байтал анхны УИХ-ын сонгууль болж билээ. Тэр жил манай багаас нийт  долоон хүн л Ардчилсан намын төлөө сонгуульд санал өгсөн юм. Түүний зургаа нь манай аав, ээж, тэдний ах, дүү нар, харин долоо дахь нь би өөрөө байлаа. Монголын төв нутагт, Улаанбаатарт ардчиллын салхи сэвэлзэх байтугай, хүчээ аван эрчилж байсанүед манай Зэрэг суманд бүх юм хуучнаараа, улс төрийн үзэл санаа зөвхөн ув улаанаараа байгаад би гайхаж, түүнийг өөрчлөх хүсэл сэтгэл тэр үед л төрсөн юм. Тэгэхээр 1992 оны сонгууль надад их нөлөөлсөн гэж боддог.

ХОВДЫН УУЛ УС, АМЬДАРЧ БАЙГАА ОРЧИН БИДНИЙГ ХӨДӨЛМӨРЧ БОЛГОДОГ

-Ховдод тулгамдаад байгаа хамгийн том асуудлыг та юу гэж үзэж байна вэ?

-Өнөөгийн хамгийн гол асуудал бол ажилгүйдэл. Хүмүүс яагаад Улаанбаатар руу шилжээд байгаа юм бэ.  Орон нутагт ажлын байр байхгүй, амьдрал нь хүндрээд л шилжиж байгаа шүү дээ. Ажилгүйдлийг шийдэх талаар нэлээд ажил хийж байна. Орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын хаа сайгүй барилгын салбар нэлээд сайн хөгжиж байна. Ховдод л гэхэд дөрвөн жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц барьсан. Энэ бол арван хэдэн жилийн бүтээн байгуулалттай тэнцэх ажил. Тэр хэрээр ажилгүйдлийн хэмжээ буурч байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийг маш эрчимтэй хөгжүүлэх ёстой. Бүгдээрээ төрд ажиллах боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө санаачилгатай байгаад, сонирхож байгаа зүйлээрээ төрийн тусламж дэмжлэгийг аваад ажиллавал манай ховдчууд ажилсаг, хөдөлмөрч хүмүүс. Яагаад гэвэл Ховдын уул ус, амьдарч байгаа орчин биднийг хөдөлмөрч болгодог. Ховдынхон бол ясны хөдөлмөрч хүмүүс.

-Шийдвэрлэх арга замыг хэрхэн тодорхойлж байна вэ?

- Юуны өмнө,ажлын байр нэмэгдүүлэх аливаа алхмыг дэмжих ёстой. Хүн ажилтай, орлоготой байж хүмүүс бараа бүтээгдэхүүнхудалдан авах боломж нээгдэнэ. Энэ нь эргээд жижиг дунд бизнест орлогын эх үүсвэр болох хүн амын худалдан авах чадварын нэмэгдүүлдэг. Тийм учраасХовд аймагт ажлын байр олноор бий болгож, бусад бизнесийг дэмжих томоохон төслүүдийг дэмжин, төрийн бодлогоор мега төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Том том төслүүд одоо чХовдод хэрэгжиж байна. Эрдэнэбүрэний усан цахилгаан станц,  Дөргөний газрын тосны хайгуул, босоо тэнхлэгийн болон өөр хэд хэдэн замын төсөл бий. Хөшөөтийн уул уурхайн төсөл ч байна. Ирээдүйд хэрэгжүүлэх тэдгээрээс хэдэн арав дахин том төслүүд бий. Тийм учраас инженерийн мэргэжил эзэмшсэн залуус буюу баялаг бүтээгчдийг  тийшээ олноор оруулснаар амжилтад хүрнэ, ажилгүйдлийг бууруулна. 2020 он хүртэл томоохон төслүүдэд 3000 орчим ажлын байр шинээр бий болгох боломж Ховдод бий. 

-Ажилтай, орлоготой хүмүүсийг бий болгохын тулд тэдний боловсролд анхаарах хэрэгтэй болох нь?

-Тийм ээ. Би Ховдын хүүхдүүдийн ирээдүйд л голлон санаа зовж байна. Миний мэргэжил багш, миний аав, ээж хоёул багш гэж өмнө нь хэлсэн. Ер нь миний гэр бүлийн есөн гишүүний зургаа нь багш. Тийм ч учраас миний хувьд боловсролын системд маш их анхаарал тавьж ажилладаг.

Хүүхдийн боловсрол, ирээдүй хамгийн гэгээ гэрэлтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр орон нутгийн хүүхдүүд Улаанбаатарынхнаас дэндүү зөрүүтэй орчинд мэдлэг, боловсрол эзэмшиж байна. Жишээлбэл, Дарви сумын малчны хүүхдийг Улаанбаатарын нэг олигархийн хүүхэдтэй харьцуулбал тэдний сурах орчин, багш нарынх нь мэдлэг тэнгэр, газар шиг зөрүүтэй шүү дээ. 

Өдгөө Улаанбаатар хотын төвд сөөм ч газар авах боломж Дөргөний малчны, эсвэл Ховд аймгийн жирийн төрийн албан хаагчийн хүүхдэд байдаггүй. Өөрөөр хэлбэл,жирийн иргэний хүүхэд том дарга нарын хүүхдийг “хөөж” гүйцэх боломж тун хомс. Зөвхөн тархиныхаа хүчээр л тэднийг гүйцэх боломж бий. 

-Ховд аймаг эдийн засгийн хүчин чадлын хувьд Монголын аймгуудаас 13 дугаарт жагсч байна. Ховд аймгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Манай Ховд аймаг 2020 он гэхэд нэг их наяд төгрөгийн эдийн засагтай болохын төлөө зүтгэж байна. Энэ хэмжээнд хүрэхэд арай ч хол байна даа гэж үзэж байгаа хүмүүсийн бодлыг үгүйсгэх нэг зүйл бол Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу CAREC-ийн төслөөр Ховд аймагт босоо тэнхлэгийн авто зам байгуулж байна. Ховдын хөгжлийг нэг их наяд төгрөгт хүргэх хамгийн эхний хөшүүрэг нь энэ. Монголоор дамжуулан Орос, Хятадыг холбох энэ зам хүссэн хүсээгүй биднийг эхний ээлжинд тодорхой хэмжээний боловсруулалт хийдэг аймаг болгож хувиргана. Цаашилбал, аж үйлдвэрийн район ч болох боломж бий. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас ирсэн бараа бүтээгдэхүүн, байгалийн түүхий эдийг Ховддоо боловсруулдаг, бүтээгдэхүүн хийдэг, тэгээд түүнийгээ БНХАУ руу, мөн Хятадынхыг ОХУ руу гаргадаг эдийн засгийн хувьд хүчирхэг аймаг болж хувирна гэж харж байна. Ингэснээр эдийн засгийн өсөлтийн хурдац асар их нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, Ховд аймгийн эдийн засгийн алсын хараа зорилго бол зөвхөн 80 мянган хүнийг хооллож, ундлахаар хязгаарлагдахгүй. Ховд аймгийн төвөөс 1000 км-ийн радиустай гортиг зурахад түүнд хамрагдаж буй гурван улсын 20 сая хүнтэй зах зээлд ажиллах явдал. 20 сая иргэнд зориулсан нэмүү өртөг шингэсэн байгаль, экологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж асар их бий. Мөн хоёр хөршөөс тодорхой хэмжээний баялгийг Монголдоо шингээх аймаг болно. Ийнхүү олон улсын харилцаа, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж байж бид нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг 2020 онд үйлдвэрлэнэ. Ховд Монгол Улсын баруун бүс дэх эдийн засгийн гол цөм байх болно.

“Би одоо ч Ховдын иргэн хэвээрээ л байгаа шүү дээ” хэмээн хязгаар нутгаа ямагт өөриймсөн ярих залуухан, эрч хүчтэй, боловсролыг дэмжигч Бөхчулууны ПҮРЭВДОРЖ-той ийнхүү ярилцлаа. Хүнээ хөгжүүлэх замаар улсаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, шулуун шударга, ажил хийдэг ийм хүн шийдвэр гаргах төвшинд олон байгаасай

 

Шинэ мэдээ