УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлаар хэн, юу хэлэв

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1876

Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг баталж нөгөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэхээр байсан ч хэрэгжих хугацааг нь ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах саналыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Эдгээр хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг АН-ынхан эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ч байнгын хороогоор хэлэлцэх шатанд тус бүлэг завсарлага авсан. Завсарлага өчигдрөөр дуусч АН-ын бүлэг уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд С.Бямбацогт болон холбогдох бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өгсөн. Мөн үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдаж эдгээр хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжсэн юм. Ингээд энэ үеэр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн талаар хэн, юу хэлснийг “Багц 24” булангаараа хүргэе.

 

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Эрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулж байгаа шалтгаан дэндүү ядмаг байна. Хүчин төгөлдөр болсон хуулийг хойшлуулж байгаа нь яваандаа эргүүлэн татах, хүчингүй болгох эхний алхам гэж харж байна. Тийм учраас Нэгэнт хүчин төгөлдөр болсон хуулийг эргүүлэн татах эрх Засгийн газарт байдаггүйг эртнээс сануулах нь зөв байх. 
"Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бэлэн бус" гэдэг шалтгаанаар хуулийг хэрэгжүүлэхгүй хойшлуулахХуулиас давсан эрх хэнд ч байхгүй. Ийм түүх Монголын парламентын түүхэнд ч байхгүй

 

Хууль зүйн сайд С.Бямбацогт: Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3,4-ний өдөр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдреөс дагаж мөрдөхөөр баталсан. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөд тодорхой хүндрэл, бэрхшээл тулгарахаар байгаа. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан боловч эцсийн найруулгатай танилцаж, ёсчлогдож, албан ёсоор хэвлэн нийтлээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам заавар, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон олон субьект дангаараа болон хамтран батлахаар заасан байдаг. Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль маань ёсчлогдоогүй байгаатай холбогдуулан энэ журам зааврыг батлах боломж хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад гаргахгүй байгаа юм. Ийм учраас боловсруулалтын шатанд байгаа журам, зааврууд маань өнөөдөр батлагдах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт нь, Эрүү, Зөрчлийн хуультай хэрэгжилтийн нягт холбоо бүхий бусад хуулиудын үзэл баримтлал, агуулга, мөн чанарыг олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Ард түмэн маань энэ хуулийн агуулга, үзэл баримтлалыг мэдэж байх ёстой. Ийм бололцоо бүрдээгүй. Хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй мянган албан хаагчийн хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх шатанд тогтсон хэвшлийг өөрчлөх зорилгоор сургалт бусад арга хэмжээг хийх учиртай. Энэ сургалтууд цаг хугацаа шаардсан ажил болно. Мөн ШШГЕГ дээр 1500 орчим орон тоо шинээр бий болж энэ хууль хэрэгжих хүн хүчний бололцоо бүрдэнэ. Үүнтэй холбоотой зардал улсын төсөвт суугаагүй. Энэ бас шалтгаан болж байна. Мөн ШШГЕГ дээр хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барьж байгуулах шаардлага гарч байгаа. Үүнийг шийдвэрлэхэд 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнөөдөр мөн л 91 тэрбум төгрөгөөр шинээр хорих анги барих,өөрчлөн байгуулах бололцоо боломж байхгүй байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас Эрүү, Зөрчлийн хууль болон бусад дагалдах хуулиуд хэрэгжих бололцоогүй байгаа. Хэн нэгэн зориуд санаатай хойшлуулах гээд байгаа юм биш.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Засгийн газрын хувьд би нэг зүйлд харамсаад байгаа. Эрүүгийн хуулийн шинэчлэл бол өнгөрсөн УИХ-ын хийсэн хамгийн том шинэчлэл байсан. Энэ Засгийн газар хамгийн түрүүнд Монголын 26 жилийн ардчилсан түүхийн том ололтоос ухрах санал шууд оруулж ирж байна. Олон зуун хүн ажиллаж, улс эх орон даяараа хөдөлж, бүхий л хүний эрхийн ТББ-уудын санал,дугнэлтуүдийг тусгаж энэ хуулийн шинэчлэлүүдийг хийсэн. Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр дөнгөж эцсийн найруулга сонсох ёстой хэдэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонссонгуй. Цаана нь олон хүний эрх зөрчигдөж байгаа нь харамсалтай байгаа юм. Яг албан ёсоор Их хуралд өргөн барьсан хуулийн төсөл дээр буцаах гурван үндэслэл байгаа юм. Олон нийтэд сурталчлаагүй, сургалтыг зохион байгуулаагүй, холбогдох дүрэм, журмыг боловсруулаагүй байна гэж байгаа. Хэрвээ энэ хуулиудыг ёсчлоод өгчихсөн бол энэ бүх сургат, бэлтгэж байсан сурталчлан таниулах асуудлууд чинь хэрэгжээд явчих байсан. Ер нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй шүү. Худлаа үндэслэл хэлээд байна. “Энэ хуулиуд бол 1990 оны” ардчилсан хувьсгалтай тэнцэх, дүйх хэмжээний ололт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа шүү. Та бүхэн үүнийг буцааж байна. Одоо бас ардчилсан хувьсгалаа үгүйсгээд Монгол Улсад эргээд дарангуйлал бий болгох уу. Эцсийн эцэст ийм л дүгнэлтэд хүрч байна. Шинэ хуулиар 1500 хорих газрын ажилтан авна гэж байна. Тийм юм байхгүй. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгон дээр өгч байгаа ял өөрчлөгдөнө. Олон шорон, хоригдол байх шаардлагагүй. Бүх насаар нь гэмт хэрэгтэн, хулгайч, дээрэмчин болгох тогтолцоо биш иргэн бүрийг алдаа хийсэн бол эргээд нийгэмдээ оруулдаг ийм л хууль.

 

УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрүү, Зөрчлийн тухай хуулиуд батлагдсанаас хойш нийтдээ есөн cap гаруйн хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулийг Засгийн газраас татаж авахдаа ард иргэдэд тайлбарлаагүй. Хуулийн байгууллагуудад сургалт явуулаагүй гэх шалтгаан хэлж байгаа. Ер нь бол энэ буруу жишиг тогтоох гэж байна. Хууль батлагдаж гарсан даруй хэрэгжих ёстой. Гэтэл хэрэгжүүлэх байгууллага нь бид энэ сургалтыг хийгээгүй. Тийм учраас Засгийн газар татаж ав гэдэг шаардлага тавьж байна гэдэг ерөөсөө институци хоорондын зөрчлийг гаргах үндэс болж байна. Жишээ нь, төсвийн тодотголын хуулиар татвар нэмж байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн татварын албаныхан “Бид ард нийтэд танилцуулаагүй, журмаа гаргаагүй" гээд УИХ-аас гаргасан татвар нэмэх заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулж өг гэвэл яах вэ. Дурын байгууллагууд хууль, журам хэрэгжүүлэхгүй байх боломж олгож байна. Тэгэхээр энэ үндэслэлгүй байгаа юм. Энэ хуулийг улс төрийн шалтгаантай буцааж байгаа нь нэгэнт ил болсон. Нэгдүгээрт, Ардын нам хүний эрх, эрх чөлөөний талаар амнаасаа ганхийж дуугардаггүй нам. Тийм учраас хуулийг буцааж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буцаагаад эрүүгийн нөхцөл байдлаа хэвээр нь үлдээх бодлоготой байна. Хоёрдугаарт нь, Ерөнхийлөгчийн сонгуульд хандсан улс төр явж байна.

 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: УИХ-ын түрүүчийн парламентад байсан эмэгтэй гишүүд эдгээр долоон хуулийг баталсны дараа бүгдээрээ шаргал цамцтай ирээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлоготой боллоо гэж өргөн сурталчилгаа явуулсан. Яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн эрх ашиг есдүгээр сарын 1-нээс эхлээд дээд зэргээр зөрчигдөх гээд байна. Иргэн бүр хүүхдийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй болох байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд амь нас, эрүүл мэнд аюултай байдалд орсон үед цагдаагийн албан хаагч шууд эхний дуудлага болж очих үүрэгтэй болж байсан. Хүчин төгөлдөр болчихсон таван хуулийг ёсчлоход ердөө нэгхэн өдөр хэрэгтэй. Тэгэхэд шинэ чуулган нээлтээ хийснээс хойш 43 хоног өнгөрчихсөн байгаа. Маш олон харгалзагч хэрэгболно гэдэг үндэслэл гүй. Энэ Эрүүгийн хуулиар бид хорихоос өөр төрлийн дөрвөн ял оруулж өгсөн шүү дээ. Гэтэл бидэнд илүү шорон, харгалзагч хэрэгтэй байна гээд байгаа нь магадгүй Эрүүгийн хуулиа Хууль зүйн сайд уншиж амжаагүй байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар, зуны турш хуульчид сургалтад хамрагдсан. Маш олон хуульчид хамрагдсан шүү. Тэр хуульчдыг бүгдийг нь халаад хаячихаагүй юм бол маш олон байгаа. Сургалтад хамрагдсан хуульчдаа халах жагсаалтад оруулчихсан учраас ийм буруу юм яриад байгаа байж магадгүй. Бид 20 гаруй жил хүсэн хүлээсэн эрүүгийн тогтолцоогоо хийсэн. Монгол Улс ухарч болохгүй. Ухарвал хүүхдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутам учирч байгаа хохирогчдын зовлонгоор төлөгдөнө. Муухай үгээр хэлмээргүй байна. Гэхдээ хуулийг ухрааж байгаагаас зовлон, чарлаан, тарчлаан үнэртэж байна. Хаалттай хаалганы ард байдаг зовлонг дуусаасай л гэж бид энэ хуулийг гаргасан шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Эд нар 65 гишүүнээрээ дулдуйдаж хүч түрэх бодлого барьж байна. Ганцхан хүний эрхийн асуудал биш. Энэ Засгийн газрын хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр нь ерөнхийлсөн, тоо баримт байхгүй, эзэнгүйдүүлсэн ийм л юм болж байгаа. Тэр 40 гаруй мянган хүнийг давтан сургах асуудал байна. Маш олон сургалт хийсэн. Х.Тэмүүжингийн үеэс эхлээд Д.Дорлигжав сайдын үед олон сургалт хийсэн. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг. Хууль батлагдсаны маргаашаас хэрэгжүүлээд зохион байгуулаад явчихдаг хүмүүсийг басамжилсан үг хэлж байна. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 40 гаруй мянган хуульчийг бэлэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хаалттай нээлттэй шорон барина гээд яриад байх юм. Бид шоронгоос хүн чөлөөлөх гээд байгаа юм шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат: Төсөв зардалтай холбоотой асуудлаар хүний эрхэнд, баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж болохгүй. Төрийн албан хаагчдын эрхэнд халдаж болохгүй.Төсөв зардалтай холбоотой асуудлаар 80 мянган иргэний орон сууц өмчлөх эрхэнд халдаж болохгүй л дээ. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн төсөв, зардал гэж байгаа. Энэ хүрээндээ АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэлээ. Хууль эрхзүйн ололтууд байхгүй болж байна. Би бүлгийн даргад байр сууриа хатуу илэрхийлье. Эрүү, Зөрчлийн хууль болон түүнд холбогдох таван хууль бол Монгол Улсын өмнөх парламентаар батлагдсан хууль гэдэг дээр АН хатуу байр суурь барих ёстой. Хэрвээ үүнийг зөрчөөд Засгийн газар асуудал оруулж ирэх юм бол Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой. Зардал, төсөвтэй холбоотой асуудал байж болно. Харин хүний эрхтэй холбоотой асуудлаар ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг АН маргаашаас эхлээд тавих ёстой. Бид яагаад ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ. Тэр 65 гишүүн бүгдээрээ эрээ цээрээ алдсан, нэг кнопонд орчихсон гэжбодохгүй байгаа. Хүний эрхийг хамгаалах хүмүүс байгаа байх. Ийм саналыг та бүхэндээ тавьж байна.

 

Шинэ мэдээ