УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх ашгийн зөрчилтэй

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 357

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар мэдээлэл хийсэн юм.

Бүлгийн хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт сонсох ёстой байсан. Гэвч ажлын хэсэг болон Хөгжлийн банкийг төлөөлөх чадамжтай албан тушаалтан хүрэлцэн ирээгүй. Өнөөдөр ч мөн адил чадамжтай төлөөлөл ирсэнгүй. Тиймээс Хөгжлийн банкны шалгалтын дүнг МАН-ынхан хоёр удаагийн сонгуулиар улс төрийн зорилготой ашигласан гэдэг нь харагдлаа. Ялангуяа Хөгжлийн банкийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж манай бүлэг үзсэн. Иймд дараагийн долоо хоногийн даваа гаригт дахин мэдээлэл хийх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэлээ.

Мөн тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг салгаж Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан боловсруулж байгаа нь цаанаа учир шалтгаантай. Өөрөөр хэлбэл МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулж байж мэдэх юм. Энэ хуулийн төсөлд заасан УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байна. Тиймээс УИХ-д суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулна” гэв.

Түүнчлэн “Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл дээр Ардчилсан нам завсарлага авсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан Олон улсын гэрээний тухай хуулиар нэлээд олон эрхийг Засгийн газар өөртөө авсан. Тодруулбал, олон улсын гэрээг УИХ-аар батлах ёстой. Гэтэл зарим гэрээг Засгийн газар дангаараа шийдэж батлах эрхтэй болсон. Үүний цаана томоохон ордыг шийдэх зорилго УИХ болон Засгийн газарт байна гэсэн хардлага төрүүлж байгаа юм” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ямар заалтыг эсэргүүцэж байгаа юм бэ? Тодорхой заалт тайлбарлаж өгнө үү?

-Уг хуульд техникийн чанартай өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж хууль санаачлагчид тайлбарласан. Бодит зөрчилтэй заалтыг өөрчилнө гэж байсан. Гэтэл өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж байна. 100 гаруй зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. УИХ дээр нилээн том ажлын хэсэг гараад өнгөрсөн бямба гаригт анхны хуралдаанаа хийсэн. Өнөөдөр хоёр дахь хуралдаанаа хийнэ. Энэ хурал дээр бид байр, сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх ашгийн зөрчилгүй байх ёстой юм. Гэтэл өнөөдөр энэ хуулийг өргөн барьж байгаа хүмүүс болон хэлэлцэж байгаа байнгын хороо, УИХ-ын удирдлагууд бүгд эрх ашгийн зөрчилтэй байгаа. Энэ хүмүүсээс “Та нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй болоод эрх ашгийн зөрчилгүй ийм том хууль гаргах гээд байна уу” гэж асуухад хэн ч тодорхой хариулт өгөөгүй. Үүнээс үзвэл тэр хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг. Тэгэхээр тодорхой хүмүүс өөрсдийнхөө сонгуульд зориулсан хууль боловсруулах гэж байна. УИХ-д суудалтай намуудын талаар одоогийн хүчин төгөлдөр хуулийн дагуу цоо шинэ тогтолцоог оруулж ирсэн. Өмнө нь пропорционалиар санал хурааж байсан. Одоогийн шинэ хуулиар бүх гишүүдийг ард иргэдээс шууд сонгож байгаа. УИХ-д суудалтай нам гэдэг Үндсэн хуулийн тайлбарыг шинэ хуульд байхгүй болгосон. Иймд аль нэг нам, хууль, санаачлагч гишүүн бус хүмүүс Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн нөхцөлд шийдэх ёстой. Парламентад суудалгүй намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ талаар бид өргөн хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс уг хуулийг харилцан зөвшилцөж батлах шаардлагатай.

Шинэ мэдээ